-->Тэмдэглэлүүд / Batbold-ний тэмдэглэл / ХУТАГТЫН ДОЛООН ЭД БАЯЛАГ

ХУТАГТЫН ДОЛООН ЭД БАЯЛАГ


By Batbold нэмэгдсэн15 January 2011

 

Монголд Бурхны шашин дэлгэрэх сацуу "бумба тахих" ёс хүчтэй дэлгэрч байна. Намсрайн бумба, Гонгорын бумба, Доржшүгдэнгийн бумба тахиж гэртээ хадгалснаар баян чинээлэг амьдарч байгаа хүмүүсийн олон жишээ байдаг нь баярлууштай зүйл боловч Буддын шашинд эрдэнийн бумбаар гадаад эд баялагаас илүүтэй дотоод эд баялагийг илүү чухалчилж заадаг гэдгийг дурдах зүйтэй.

Тэгвэл дотоод эд баялаг буюу Хутагтын Долоон эд баялаг гэж юу вэ, ямар хэрэгтэй вэ гэдэг асуудал гарна. Ер нь Буддын шашинд гадаад эд баялагийн гүйцэтгэх үүргийг дутуу үнэлдэггүй боловч дотоод эд баялагийг илүү чухалчилж, чухамхүү дотоод эд баялаг дээр суурилж гадаад эд баялагийг олсноор хүн илүү аз жаргалтай, илүү гэгээлэг амьдрах цаашилбал гэгээрэн бурхны хутгийг ч олдог гэж үздэг.

Хутагтын долоон эд баялагт ариун дээд номонд сүслэх сүсэг, шагшаабад, ном үзэж номоор явах, бусдад туслах, ичгүүр, сонжуур болон билгүүн ухаан зэрэг долоо ордог бөгөөд эдгээр нь хүнийг аз жаргалтай болгохын сацуу хойт насанд ч барагдахгүй тул их тустай ажээ.

1. Ариун Дээд Номонд Сүсэглэх: Сүсэг нь хүний сэтгэлийг амирлангуй, тайван, ариун болгохын дээр юмсыг ихэд ариунаар үзэх болгодог. Хэрэв сэтгэл ариун бус, ууртай, атаархуу, буруу үзэлтэй байх аваас бид бүх зүйлсийг муу муухайгаар, тааламжгүйгээр харах бөгөөд түүнээсээ болж нэг нэгнээ шүүмжлэх, хэрэлдэх, хямрах зэрэг зүйл ариун бус сэтгэлээс гарах болдог. Харин сүсэг бидний сэтгэлийг ариусгаж улмаар бид ч ариун дээд хүмүүс болгодог.

2. Шагшаавад буюу ёс зүй нь бидний бие хэлний үйлсийг ариусгадаг. Сүсгээр бид сэтгэлээ ариусгадаг бол шагшаавадаар бид үйлсээ ариусгаж өөрсдийг ариун дээд явдалтан болгодог.

3. Ном үзэж, номоор явах нь хамгийн чухал дараах эд баялаг агаад учир Бурхны номыг үзснээр л бид билгүүн ухаантай болдог билээ. Билгүүн ухаан нь таныг болон бусдыг нүгэлт явдал муу муухайгаас хамгаалах бөгөөд сайн сайхан бүхэнд хөтөлдөг билээ.

4. Бусдад туслах баялаг гэдэг үзэсгэлэнтэй өгөөмөр сэтгэлийн үүднээс бусдад хүссэн эд зүйлийг нь өгөх, бурхны номыг хэлж өгөх, асрал хайр өгөх, аюулгүйн өглөг зэрэг бусад өглөгөөр амьтдад туслахыг хэлдэг.

5. Ичгүүр гэдэг нь хүний дотоод сэтгэлийн эрдэм бөгөөд ямарваа нэгэн буруу, нүгэлт үйлийг өөрийн ариун зорилгод харшилах ичгүүртэй үйл хэмээн тэвчиж чадахыг хэлдэг. Ийм ичгүүрийг олсон хүн жишээ нь амьтан алах нь буддын шашинтай над шиг хүн буруу гэж ичих сэтгэлийг үүсгэн амь таслахыг тэвчиж чадах жишээтэй.

6. Сонжуур гэдэг нь ямар нэгэн буруу, нүгэлт үйлийг бусдад хэрхэн буухыг, бусад юу бодохыг төсөөлөн бодож тэрхүү муу үйлийг тэвчих сэтгэлийг хэлдэг. 

7. Билгүүн ухаан хамгийн дээд баялаг юм. Учир нь ийм баялагтай хүн ямар ч тохиолдолд, хаа ч гэсэн, ямар ч хүнд асуудалыг төвөггүй шийдэж чаддаг бөгөөд билгүүн бол юу хийх хэрэгтэй болон юуг хийхгүй байхыг зөвлөж чадах хамгийн сайн нөхөр гэдэг билээ.

Тэгэхээр эрдэнийн бумба гэдэг нь дээрх долоон сэтгэлийн дотоод эд баялагийг хураах билэгдэл утгатай тул гадаад эд зүйлсийг хэт шунан хүсэхийг хязгаарлах нь зүйтэй. Мэдээж гадаад эд баялаг нь хэрэгтэй боловч дотоод эд баялагийн өгч чадах сайн сайхан амар амгаланг өгч чадахгүй тул хутагтын эд баялагийг хураахын тулд хичээн зүтгэцгээе.